Ном хэрхэн унших вэ?





Processed with VSCOcam



Нийтийн номын сан. Үдийн гурван цаг. Толгой мансууруулах бүгчим агаар. Талон ар араасаа тургин гаргах тооцооны машины дуу, өдрийн чийдэн зогсолтгүй дүнгэнэх чимээ. Ажил тарахыг хүлээж ядах номын санч. Урдаа уул овоо шиг ном овоолсон оюутнууд, бясалгагчийн царай гаргаж, хөмсгөө атируулсан залуус, хажууд суусан найзтайгаа шивэр авир хийх охид. Хуудас эргүүлэх чимээ, юм шивэх тогшилт. Зарим нь уншиж буй номоо цоолох шахам нүүрээ наан уншицгаана. Нэг хэсэг нь залхуутай гэгч нь хойш налж хөлөө жийгээд сандлаасаа гулсах шахам сууцгаана. Үлдсэн нь гадаа гарахаас тэсгэл алдан сандал дээрээ байж ядан тонгочно. Хажууд нэгэн залуу зузаан ном тэвэрсээр суулаа. Нүдний буланд номоо эргүүлж сөхөлгүй, шууд л нэг дүгээр бүлгээс унших нь үзэгдэв. Цагаа дэмий үрж байгааг нь сануулах гэж амаа нээсэн ч болиод буцаад ажилдаа орлоо. Маргааш нь философийн үндэс хичээлд семинар тавих байв. Эхний оюутан самбарын өмнө гарч ирээд өнөөх дотны анд болсон “Философийн сурах бичиг” номоос үг үсэггүй хуулж авсан сэдвээ автомат машин шиг дуржигнуулж өгөв. Багш урам хугарсан янзтай хоолойгоо засч, бидний ч анхаарал сарниж өөр тийшээ харна. Хөөрхий оюутан “илтгэлээ” тавьж дууссаны дараа багшийн асуусан хэдэн асуултад аквариум доторх загас аятай дуугаа хурааж, таг дүлий ширтэх ажээ. Би иймэрхүү үзэгдэлтэй өдөр болгон нүүр тулгардаг ч одоо хүртэл эгдүүцэж, өмнөөс нь духаа алгаддаг юм. Арван жилд л байхын уран зохиолын номыг хямд савангийн дуурь шиг ярьж л мэдэхээс аливаа сонгодог бүтээл, шинжлэх ухааны зохиолыг дорвитой задлан шинжилнэ гэж мэдэхгүй хүүхдүүд аль ч их сургуулийн ангийн талаас илүү хувийг эзэлдэг нь ёс болчихсон цаг шүү дээ. Бүхэл бүтэн арван жил (арван хоёр) уншиж сурахыг заалгачихаад, дахин дөрвөн жил “махран зүтгэсээр” олигтой үр дүнд хүрэлгүй, магистр хамгаалах болоход унших материалаа даахгүй шантарсан уншигчид олон бий. Уншихуйн ухаанд ийм олон жилийг зарцуулах юм гэж үү? Харин та аль ч төвшний уншигч байлаа одоо өгүүлэх “Ном хэрхэн унших вэ?” номын тэмдэглэлээс бага ч гэсэн туршлага хураан авна гэдэгт итгэж байна. Зохиолч, философич Мортимэр Ж. Адлэрийн бичсэн энэхүү ном анх 1940 онд хэвлэгдсэнээс хойш даруй шилдэг борлуулалттай номоор шалгарч байжээ. Тухайн үед ном унших аргачлалыг системчлэн заах нь тун ховор байсан юм. Хожим 1972 онд телевизийн редактор Чарльз Ван Дорэнтой хамтран хянан завсарласан хувилбарыг би олзуурхан авч уншсанаа танд танилцуулж буй нь энэ. Энэхүү номд уншихуйн ухааны аргачлал, идэвхтэн уншигч гэж хэн болох, уншихуйн дөрвөн үе шат, төрөл бүрийн ном унших зөвлөгөө, унших номын уртаас урт жагсаалт, хэд хэдэн дасгал багтсан. Мөн жишээ, эш татахдаа Аристотель, Дарвин, Кант мэтийн сонгодог бүтээлийг сонгосон нь жирийн уншигчдад танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой юм. Харин уран зохиолын төрлийн ном унших аргачлал нь тун сулхан байсны сацуу дэвшүүлж буй ихэнх санаа нь баримтат бүтээлд илүү тохиромжтой байна. Мөн бичлэгийн хэв маяг нь нуршуу, өөрийн эрхгүй эвшээлгэж орхидог зэргийг эс тооцвол үр өгөөжтэй ном ажээ. Тиймээс уран зохиолын ном унших тухай тусад нь авч үзэх нь зүйтэй хэмээн бодож дэлгэрэнгүй бичсэнгүйг хүлцэж болгооно уу. Мөн гурав дахь үе шат буюу хамгийн чухал задлан шинжилгээний уншлагыг бусад үе шатаас илүү дэлгэрэнгүй авч үзлээ.

Уншихуйн урлаг

Унших үйл нь бэйсболлтой тун төстэй юм. Уншигч бол нисэн ирэх бөмбөгийг сэтгэл түгшин хүлээх шүүрэгч юм. Зохиолч бол бүхий л ур чадвар, мэргэн хараагаа шавхан бөмбөг шидэх шидэгч юм. Харин бөмбөг бол зохиолчийн дамжуулах гэсэн мэдээлэл, санаа сэдэл билээ. Тэгвэл бүхий л төрлийн харилцааг шүүрэн авах нь уншигч бидний үүрэг болох нь ээ. Бие даан суралцах аливаа үйлийн адил ажигч гярхай байдал, хэзээд бэлэн ой санамж, уран сэтгэмж, задлан шинжилж эргэцүүлэн тунгаах билиг оюун энэ ухаанд шаардана. Харин хэр сайн шүүрэгч болох нь зөвхөн таны хүчин чармайлтаас шалтгаалах бөгөөд үүнд чинь туслах, замыг чинь заах багш нь энэ ном болох болно. Ангид багшаас асуулт асуувал мэдээж хариулт өгөх нь тодорхой. Харин номоос асуулт асуувал та өөрөө л хариултаа хайж олох хэрэг гарна. Сургуулийн хананаас цааш сурч мэдье гэж бодвол номыг эрхэм багшаа болгон, бүхий л шүүсийг нь шавхан авахад суралцах нь амин чухаг юм. Зохиолчид уншихуйн ухаанд дөрвөн үе шат бий хэмээн үзжээ.

Эхний үе шат: Анхан шатны уншлага

Энэ шатанд хүүхэд унших үйл явцад бэлэн болж, эхний байдлаар уншиж сурах юм. Судалгаанд үзэж буйгаар хүний ерөнхий унших чадвар боловсортол дөрвөн үе шатыг туулдаг байна. Эхний буюу бэлтгэл үед хүүхэд төрсөн цагаас 6-7 нас хүртэл хараа, сонсгол, ой санамж, хэл яриа, бусадтай хамтран ажиллах чадвар зэрэг нь хөгжиж уншиж сурахад бэлэн болдог. Бэлэн болсон эсэхийг тусгай шалгалтаар эсвэл туршлагатай багш хэлж мэднэ. Харин хүүхдээ яаран уншуулж сургах нь цаашдаа “ном харахаар харшил хөдөлдөг” болгож ч магадгүй. Тиймээс бэлтгэлгүй байгаа хөөрхий хүүхдийг сургуульд хөөн явуулах хэрэггүй. Дараагийн шатанд хүүхэд маш энгийн зүйлс уншиж сурна. Нэгдүгээр ангид энэ чадварыг эзэмших агаад үгсийн утгыг ойлгож эхэлнэ. Гурав дахь үед хүүхдийн үгийн баялаг эрс нэмэгдэж, өгөгдсөн хам сэдвийн тусламжтай танихгүй үгсийг өөрөө “нээж” сурдаг байна. Уншина гэдэг өөрөө хийж болдог зугаатай зүйл, юмны учрыг олоход нь туслах зүйл юм байна гэдгийг ухаарна. Энэ нь ихэнх хүүхдүүдэд дөрөв дүгээр ангид бүрэн төлөвшдөг. Сүүлчийн шатанд өмнө нь олж авсан мэдлэг чадвараа нэмэн сайжруулсаар нэг бичвэрээс нөгөө бичвэр лүү аливаа санааг шилжүүлэх, нэг сэдвээр өөр хүмүүсийн бичсэн зүйлсийг харьцуулж сурдаг ажээ. Эл чадварыг дунд ангиа төгсөхдөө эзэмшсэн байх ёстой авч олон хүүхдүүд янз бүрийн шалтгаанаар энэ үед хүрч чадахгүй тохиолдол их бий.

Хоёр дугаар үе шат: Хяналтын уншлага

Хоёр янзын хяналтын уншлага байна:
I. Дэс дараалалтай гүйлгэн харах буюу уншлагын өмнөх үйл явц
Гол зорилго нь тухайн номыг цааш цаг зарцуулан анхааралтай унших эсэхийг шийдэх юм. Мөн гүйлгэн харах нь тухайн бүтээлийг уншихаа больсон ч танд олон төрлийн мэдээлэл өгч чадна. Өөрөөр хэлбэл эмийн ургамлыг хогийн ургамлаас ялгаж өгөх аргачлал гэсэн үг л дээ. Маш олон хүмүүс энэ шатыг алгассанаар үнэт цагаа дэмий үрж байдаг. Дараах шат дарааллыг дагахыг зөвлөж байна: 1. Нүүрний хуудсыг хараад, хэрэв байвал өмнөх үгийг унш. Ингэснээр номын үндсэн зорилго, тухайн сэдвийг хамарсан байдалтай танилцана. 2. Номын бүтэц зохиомжтой ерөнхий байдлаар танилцах зорилгоор гарчгуудыг хар. Аялалд гарахаасаа өмнө газрын зураг харж байна хэмээн төсөөлөөрэй. 3. Зүйлт байвал хамарсан сэдэв, дурдсан зохиол, зохиолчдын талаар баримжаатай болохоор гүйлгэн хар. 4. Хэрэв гадуураа давхар цаасан хавтастай бол хэвлэлийн газраас бичсэн сурталчилгааг унш. Үнэндээ ихэнх зохиолчид өөрсдөө үүнийг бичдэг учир олон зүйлийг мэдэхэд тустай. Одоо тухайн бүтээлийг цааш унших эсэхээ шийдэх хангалттай баримжаатай боллоо. 5. Дэвшүүлж буй санаанд нь хамгийн гол байр суурь эзлэх бүлгүүдийг гүйлгэн хар. 6. Хуудас эргүүлэн, үе үе ганц хоёр цогцолбор уншиж үз. Мөн номын сүүлчийн хэдэн хуудсыг унш. Энэ үе шатанд уншигч та өөрийгөө номын ерөнхий санаа, сэдвийг тод томруун болгох бүхий л баримтыг хайж буй мөрдөгч хэмээн төсөөлөн бодоорой.
II. Өнгөц унших үйл явц
Хэцүү ном анх уншиж буй тохиолдолд шууд ойлгохгүй зүйлсээ бодож тунгаах, өөр газраас эрж хайлгүйгээр зогсолтгүй унших хэрэгтэй. Бидэнд ойлгохгүй зүйлсээ шууд хайж бай гэсэн ойлголт байдаг. Гэсэн хэдий ч энэ чадварыг бүрэн эзэмшээгүй бол унших явцад нэрмээс болохоос биш нэмэр болохгүй. Жишээ нь Шекспирийн жүжгүүдийн хачин жигтэй үгсийн тайлбарыг уншина гэж зүтгэсээр байгаад эцэс сүүлд нь жүжигт чухам юу болж өнгөрснийг мэдэхгүй өнгөрөх олон сурагчид байна. Бас Адам Смитийн “Үндэсний Баялаг”-ийн жижиг сажиг зүйлсийг ойлгох гэсээр байтал цалин, түрээс, ашиг орлого зэргийн талаар маш тодорхой бичсэн санааг нь барьж авалгүй үлдэх зэрэг. Хуудас бүр дээрх бүхий л зүйлийг ойлгоё хэмээн чармайвал та тийм ч хол харайж чадахгүй. Мод бүрийг харах гээд ой дунд төөрч орхино. Харин хоёр дахь удаа уншихад чинь бүх зүйл илүү тодорхой болж эхлэх учир санаа зовох хэрэггүй. Энэ үе шатанд хэр түргэн унших тухайд “бүхий л номыг зохих хэмжээнээс нь удаан ч биш, сэтгэл ханамж авч, хангалттай ойлгох хэмжээнээс хурдан ч биш унших нь зүйтэй. Гэхдээ эцэстээ унших хурд нь уншихуйн ухаантай тулгардаг өчүүхэн асуудал юм.” (ху 43) Хэрэв үнэхээр түргэн уншиж сурах шаардлагатай бол мөрийн доогуур ядам, дунд, долоовор хуруугаа тавиад, нүдэнд чинь арай хурдан байхаар гараа хөдөлгөн дагаж уншаад үз. Хамгийн гол нь уншиж дууссаны дараа ойлголттой болсон байх ёстойг бүү мартаарай.

Унших явцад тавих дөрвөн асуултууд

Идэвхтэн уншигч байхын тулд дараах асуултуудыг унших явцад тавьдаг зуршилтай болох хэрэгтэй. 1. Энэ ном бүхэлдээ юуны тухай өгүүлж байна вэ? 2. Ном санаагаа хэрхэн дэлгэрүүлж илэрхийлсэн байна вэ? 3. Энэ ном бүхэлдээ эсвэл хэсэгтээ үнэн зөв үү? 4. Энэ ном надад ямар хэрэгтэй билээ? Эдгээр асуултад үнэн зөвөөр хариулж дадах нь уншихуйн ухааны цөм билээ. Хэдий баримтат бүтээлд тохиромжтой асуулт ч бага зэрэг өөрчлөөд уран зохиолын ном уншиж болно. “Сайн ном танд ахдах ёстой. Үгүй бол сайн ном биш гэсэн үг. Дээшээ гараа сунгаад тэр өндөрт гарах гэсээр сайн ном таныг ядрааж орхидог. Чухамдаа дээшээ сунаж буй чинь биш харин зөв сунгалт хийх чадваргүйгээс л та цуцаж буй хэрэг юм.

No comments:

Post a Comment